Монголчуудын сурган хүмүүжүүлэх сэтгэлгээний уламжлалаас
Аливаа улс үндэстэн үүссэн цагаасаа эхлэн түүхэн хөгжлийнхээ явцад мянга мянган жилийн турш үе уламжлан боловсруулан сайжруулсаар ирсэн сурган хүмүүжүүлэх арга барилтай бөгөөд тэр нь орчин үеийн сурган хүмүүжүүлэх ухааны эх болдог. Үүнийг сурган хүмүүжүүлэх нэр томьёонд “Ардын сурган хүмүүжүүлэх зүй” гэдэг билээ.
Монголчуудын сурган хүмүүжүүлэх сэтгэлгээний үүсэл хөгжлийг монгол үндэстэн хэзээ бүрэлдэн тогтсон тэр үетэй холбон үзэж болно.
Хөгжлийн энэ урт хугацаанд нийгмийн хэрэгцээ шаардлага нэмэгдэхийн хэрээр хүнээр хүн хийх зорилго чухлаар дэвшигдэж сурган хүмүүжүүлэх үзэл санаа арга хэрэглүүр ч мөн баяжин боловсорч иржээ.
Монголын ард түмний олон үеийн турш хуримтлуулж ирсэн сурган хүмүүжүүлэх өв уламжлал хэд хэдэн эх булагтай.
1. Монгол ардын аман зохиол
2. Түүхийн он цагийг даган журамласаар ирсэн бичигдээгүй хууль, ардын зан заншил
3. Эх хэл
4. Гэрийн сургуулийн их туршлага
5. Тоглоом наадам
6. Бичмэл зохиол бүтээлүүд зэрэг болно.
Аман ба бичгийн зохиол, зан заншил, эх хэл, тоглоом наадам нь монголын ард түмний өсвөр үеийнхнээ сурган хүмүүжүүлэх үндсэн арга барил болсоор иржээ.
Үүний сацуу гэрийн сургууль бүхэл бүтэн тогтолцоо болж хөгжсөн байна.
Эртний монголчуудын байгалийг шүтэх үзэл буюу эцэг тэнгэр, эх газар, галыг шүтэх үзэл нь яван явсаар эцэг эхийн гал голомтыг дээдлэх ёс болж улмаар “гэр түвшин бол төр түвшин” хэмээн төр улсыг бат түвшин тохинуулах арга туршлагын бүхэл бүтэн тогтолцоог бүрдүүлэн уламжлуулжээ.
Гэр бүлд хүн төлөвших энэхүү тогтолцооны нэн чухал 2 талын нэг нь эцэг эх нөгөө тал нь үр хүүхэд юм. Манай ард түмэн “эцэг асралтай, эх энэрэлтэй, үр тахимдуу, эгч элэгсэг, дүү бишрэлтэй” байхыг “Монгол их ёс” гэж үздэг нь хүний хүмүүжил, гэр бүлийн хүмүүжлээс эхтэйг тодорхойлсон хэрэг юм.
Монголчууд зан заншлаа туйлаас хүндэтгэх ёсыг ямагт эрхэмлэн дээдэлж бэлэг дэмбэрэлтэй бүхнээ “Монголын ёс хэмээн өргөмжилж түүнийг зөрчвөл “монголоо алдлаа” хэмээн зэмлэдэг өвөрмөц сэтгэхүйтэй ард түмэн. Энэ сэтгэлгээний үүднээс мэндлэх, хүндлэх ёс гэх мэтчилэн амьдралын бүхий л хүрээнд тусгай ёсыг бий болгон, түүнийгээ мөрдөж ирснээр хууль мэт бат тогтвортой, хэм хэмжээтэй хүмүүжлийн уламжлалт аргыг бий болгосон билээ. Ийнхүү алив юмс үзэгдэл хүний үйлдлийг бэлэгшээн эрхэмлэх, хориглож цээрлэх зан заншлыг эерэг сөрөг ойлголтонд тулгуурлан элэнц хуланцын үеэс боловсруулан мөрдөж, иргэний аж төрөхийн үндсэн баримтлал, бэлгэдэх ёс, авах гээхийн ухаан болгон хэвшүүлсэн нь ардын хүмүүжлийн онолын сэтгэлгээний анхны ололтын нэг мөн.
Манай ард түмний боловсруулан баримталж ирсэн, хүмүүжлийн нэг үндсэн зарчим нь хүнээр хүн хийх зорилго бүхий аливаа үйлдэл, үйл ажиллагааг ямагт ажил хөдөлмөртэй нягт холбон авч үздэгт оршино. Энэ нь амьдралд олон үйлээр илрэх бөгөөд “Ажил хийж хүн болдог, ар давж хүлэг болдог, гэсэн мэргэн үгээр тодорхойлогдоно. Ер нь монголчууд ажил гэдэг ойлголтыг аж амьдрал, амьд явахын учир утгатай дүйцүүлэн ухаардаг байсан нь илэрхий. Тэгээд ажил хөдөлмөрийн үр дүнд хүн шиг хүн болно шүү хэмээсэн нь чухамдаа хөдөлмөр л хүнийг бий болгосон гэснээс юуны өөр вэ? Энэ санаагаар ар давж, зам туулж, хал үзэж хатуужсан хүлэг морьтой зүйрлэн тодотгосон нь манай ардын сэтгэхүйн үндэсний онцлог юм. Хүнээр хүн хийх хүнд бэрх энэ ажил бол ямагт хамтын хүчээр хэрэгждэг. Өөрөөр хэлбэл бие хүн гэдэг бол нийгэм, хамт олны бүтээгдэхүүн бөгөөд мөн тэндээ л оршин тогтнох хувь тавилан бүхий өөрийн ухамсарт хүн гэсэн дүгнэлтийг манай мэргэн ард түмэн хэдийнээ хийжээ. Хүмүүжлийн энэ зарчмыг тусгал болгосон, эв эеийг эрхэмлэсэн, хамт олныг өргөмжилсөн сургаал олныг дурдаж болно. Эе эвтэй, нөхөрсөг, хамт олон байна гэдэг бол хүний мөс ноён нурууг илэрхийлэх гол үзүүлэлт юм. Иймээс хүмүүжлийн үйл ажиллагаа нь ямар ч хэлбэртэй байсан энэ зарчимд нийцдэг. Хүмүүжлийн хамт олонч байх зарчмыг баримтална гэдэг бол зөвхөн тоон талын ойлголт биш харин чанартай холбоотой болохыг ч анхааруулсан нь цөөнгүй. Жишээ нь: “олны хүч эвэндээ, олсны хүч эрчиндээ” гэсэн нь юуны өмнө олон хүний хүчний давууг онцолсон хэрэг. Олсонд хичнээн ширхэг утас байлаа ч эрчлээгүй бол яахин олс байж чадах билээ. Үүний нэгэн адил олон хүн байлаа ч гэсэн эв найрамдалтай биш бол хамт олон болж чадахгүй. Хамт олонч байх зарчмыг хүмүүжлийн ажилд баримтална гэдэг нь олонхийг буюу хүчтэйг ухамсаргүйгээр аялдан дагдалдахын нэр биш, ухамсартай сонголт зайлшгүй хэрэгтэй гэдгийг “Сайныг дагавал сарны гэрэл”, мууг дагавал могой хорлол” хэмээн хэлжээ. Энэ бол найз нөхрөө сонгох тухайд биш уг үзэгдлийн шалтгаан, үр дагаварын диалектик холбооны тухайн өгүүлж ухамсартай сонголт хийхийг анхааруулсан үг. Энд өгүүлж буй сайн ба муу нь шалтгаан бөгөөд түүнээс гарах сарны гэрэл, могойн хорлол нь үр дагавар, муу шалтгаанаас муу үр дагавар гарна гэдгийг сануулан, юуны өмнө танин мэдэж сонголт хий гэсэн сургааль юм.
Үр хүүхдээ хүн болгоход баримталж ирсэн бас нэг зарчим бол “Хайр нь дотроо, хал нь гаднаа” гэдэг цэцэн үгээр илэрчээ. Энэ нь бодит ерөнцийн юмс үзэгдэлд түүнийг тусгасан ухамсар нь эсрэг тэсрэг 2 талтай бөгөөд нэг нь нөгөөгөө үгүйсгэхийн хамт, нөхцөлдүүлж хөгжлийн эх ундарга нь болж өгдөг диалектик хуулинд үндэслэсэн байна. Хайр, хал хоёрын зөрчил, түүний нэгдэл нь монголын гүн ухааны нэр томьёогоор бол арга билэг юм. Хайр хал хоёрын аль нэг рүү хэлбийхгүйгээр тэр хоёрын тэнцвэрийг тогтоож дундыг барьж “төв ёс” болгох учиртай ажээ.
Сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд хайр хал хоёрын голчийг дагаж чадваас хүмүүжүүлэх ажилд эндэл ташаа гарах нь бага. Хааяа аль нэг тал уруу хазайвал даруй нөгөө тийш нь залан төв замаа сахин барих нь ардын хүмүүжлийн ёсны мөн чанар болой. Сэнхрүүлэн зааж сайтар томьёолсон энэ онол бол монгол ардын сурган хүмүүжүүлэх зүйн түүхэн дэх чандмань эрдэнийн нэг мөн.
Мөнөөх цэцэн үгийн дотроо, гаднаа гэсэн нь ямар утгатайгаар нэг дор зэрэгцэн оршив гэдгийг авч үзье. Дотоод гадаад гэдэг диалектик категори бий. Гадаад дотоод 2 бол бүхэл юмны нэгдмэл 2 тал бөгөөд харилцан бие биеэ нөхцөлдүүлдэг амин холбоотой.
Дотоод гэдэг нь юмс үзэгдлийн уг чанар агуулгыг тодорхойлж гадаад тал нь юмсын хэлбэрийг тодорхойлдог боловч уг юмсын оршин хөгжих зайлшгүй нөхцөл гэдэг.
Чингэвэл хүн хүмүүжүүлэх зарчмийн дотоод тал нь хайр, гадаад тал нь хал юм. Хүн хүмүүжүүлэхэд хайр нь дотоод талдаа, хал нь гадаад талдаа байх ёстой хэмээн энэ хоёр категорийн философи утгыг тодорхойлсон байна. Дотроо байх хайр нь хүмүүжүүлэх ажлын гол судас болно.
Хүмүүжлийн ажлыг зохион байгуулахдаа гадна байдаг халд тулгуурлах нь диалектикийн агуулга, хэлбэр хоёрын нэгдэлд хүргэх ажээ.
Ингэж ойлговол хайр гэдэг нь агуулга, хал гэдэг нь хэлбэр бөгөөд хайр нь дотроо оршиж халаар илрэх хөгжлийн нэгэн явц байх нээ. Хайр, хал гэдэг нь их л өргөн хүрээтэй ухагдахуун болно. Ердийн нэг хайр төдий бус асрах нигүүлсэх сэтгэлтэй, сайн явдал, саруул ухаан энэ биеийн нь чимэг болсон зөв хүн болох зорилго бүгд хайр гэдэг ухагдахуунд багтаж, зэмлэх буруушаах залхаах шийтгэх, шахаж шаардах “ажлын хар, дээлийн бор” гэх мэт нь халд багтана. Халыг зөвхөн шийтгэл гэж бодож болохгүй. Шийтгэл нь халын нэг сэжүүр нь юм.
Ингээд үзвэл гол үндэс гадаад тал болсон халын хэлбэр нь солигдож хөгжих замыг туулж ирсэн түүхтэй байна. Ардын сурган хүмүүжүүлэх зүйн хал гэдэг хэлбэрт нь зодох айлгах үйл голлосон эртний нэг үе байсан бол орчин үед тэр нь гол бус зэмлэх шахаж, шаардах зэргээр солигдож дэвшсээр байхад хайр гэдэг дотоод тал нь тогтвортой байх ажээ. Хүүхэд бол “харах нүдний цөцгий, хайрлах зүрхний тольт, хавтгай ясны тасархай” билээ. Гэхдээ аргадах тутамд арзайж, таалах тусам тонгочиж, хүү минь, хүү минь гэхээр хүний толгой дээр гардаг амьтан юм шүү.
Гэм хэнд байна, зэмийг түүнд өг! Гэвч ухаантай хүн үгээрээ, ууртай хүн нударгаараа сургадаг гэсэн үг. Нударгаар сургавал хор л болохоос бус ямар ашиг байх вэ? Зодуурын үзүүрт цус, сургаалийн үзүүрт тос гэдэг юм. Ороо морийг уургаар барьдаг шиг ууртай хүнийг аргаар л сургана. “Буруу өсгөсөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу” болоод хавиргатай гэдсэнд багтсан хүү чинь ханатай гэртээ багтахаа болиод ирэхийн үед ямар ч үг хэлээд тусгүй болно. Иймд хүүхдийн насны бага, цусны шингэнээс нь хайраа дотроо агуулж халаа гаднаа гаргаж сурагтун гэж хүмүүжүүлэгчдэд хандан хэлье. Хүмүүжигчдэд бас хандаж: “Магтаал гэж бүү баяс, мууллаа гэж бүү гунь, зэмлэх үгний ил нь бахтай, магтах үгний далд нь урамтай” байдаг юм шүү, ер нь арвайн гурил ус даадаг, аавын хүү үг даадаг юм, “Сурахад бүү алжаа, зовлонг сөрж, жаргалыг дааж, ажлын харыг хийж, дээлийн борыг өмсөж, зүйд нийлж ёсонд таарсан хүн болдог юм” гэсэн сэнхэрмээр сургаалийг сануулмаар байна. Монголын ард түмний боловсруулсан хүмүүжлийн нэг зарчим бол хүний нэр төрийг туйлаас эрхэмлэн хүндэтгэхэд оршино. Чухамдаа энэ зарчмын үүднээс хүн болгох зорилго бүхий аливаа үйл ажиллагааны эсрэг чиглэсэн, хүний нэр хүндийг хохироосон үйлдлийг жигшин “Хүний муу хүн дайрдаг, хүрзний муу чулуу дайрдаг” гэж сургасан нь бий. Иймд аливаа сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа нь хүний нэр төрийг дээдэлж сайн талд нь түшиглэх, зарчмыг тууштай баримтлах ёстой бөгөөд энэ нь монгол ардын сурган хүмүүжүүлэх ухаанд уламжлагдан иржээ. Манай ард түмэн хүмүүжлийн энэ зарчмын үүднээс хүний алдаа эндэгдлийг уучилж, сайн талыг нь хөгжүүлэх, ямагт хүнлэг энэрэнгүй байх зэрэг сурган хүмүүжүүлэх ёс зүйн хэм хэмжээг тогтоон төлөвшүүлж иржээ.
Түүнчлэн хүн болгоно гэдэг нь нэгдсэн жороор нэгмөсөн хийчих ажил биш гэдгийг аль эртнээс ойлгон, хүн тус бүрийн онцлогийг харгалзан ялгавартай хандах зарчмыг баримталж байв. Энэ нь “хүн бүр адилгүй хүлэг болгон жороогүй” гэсэн хураангуй томьёоллоор илрэх бөгөөд сурган хүмүүжүүлэгчдийн зохиол бүтээлд: Ууртай хүнийг ширүүн хэлбэл аюул болох тул ухуул! Омогтой хүнийг дарлаваас хорсох тул нэр цолоор баясга! Дээрэнгүй хүнийг хөгжөөвөөс хэрэг гарах тул битгий хэрэгс! Атаач хүнд нүүр эс өгвөөс гомдох тул сайхан загна! Харамч хүн нэгэн ширхэг утсыг ч харамлах тул арилжаа бүү хий! (Д.Равжаа “Цаасан шувуу”) хэмээн тод томруунаар тусгажээ. Хүн болгох үйл ажиллагаанд амьдрал бүхэлдээ багтдаг. Өөрөөр хэлбэл хүний хөгжил хүмүүжилд нөлөөлдөггүй хүн гэж байхгүй. Түүхч Амарын хэлснээр “Амьдралын сайн ч миний багш, муу нь ч миний багш мөн” юм. Монголчуудын хүнээр хүн хийх ухааны хэрэглүүр нь
1. Аж амьдралын өдөр тутмын үйл ажиллагаагаар илрэх
2. Ардын билэг хэл гэсэн 2 үндсэн хэсэгт хуваагдаж болно.
Амьдрал үйл ажиллагаагаар илрэх сурган хүмүүжүүлэх хэрэглүүр нь хүн ардын зан заншил, амьдралын туршлага, ажил хөдөлмөр, тоглоом наадам, материаллаг соёлын өвийг бүхэлд нь багтааж үзэж байна.